Тойрог

НИЙСЛЭЛ ХОТЫН ХӨГЖЛИЙН ТӨВ БАЯНГОЛ ДҮҮРГИЙНХЭЭ ИРГЭД ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

Миний бие 2016 оны УИХ-ын сонгуулиар нийслэлийн 67 дугаар тойрог буюу Баянгол дүүргийн 1,2,3,4,20 дугаар хорооны иргэд сонгогчдын итгэлийг хүлээн сонгогдон ажиллаж байна.

Ард түмний элч болж Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд сонгогч иргэдийнхээ дуу хоолой болж эх орны хөгжил, ард түмний амьдралд хэрэгцээтэй хууль тогтоох, эрх зүйн орчныг бүрдүүлэх үндсэн үүрэгт ажлаа нэн тэргүүнд тавьж ажиллах ёстой билээ. 

Тиймээс ч өнгөрсөн жил гаруй хугацаанд хууль санаачлах, хууль тогтооход түлхүү анхаарсан, шаргуу ажилласан цаг хугацаа байсныг онцолмоор байна. УИХ-ын Нийгмийн Бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Байнгын хороо болон Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын Байнгын хороонд тус тус харьяалагдан ажиллаж, байнгын хороодын хамаарах чиг үүргийн хүрээнд зургаан ажлын хэсэгт орж, үүнээс хоёр ажлын хэсгийг ахлан ажилласан. Хууль санаачлан боловсруулсан болон ажлын хэсэгт ажилласан байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл цахим хуудасны Улсын Их Хурал хэсэгт тусгагдсан болно.

Миний бие сонгогдсон тойрогтоо дараах ажлыг хийж хэрэгжүүлээд байна.  Үүнд:

Бүтээн байгуулалтын чиглээр:

2018-2019 оны улсын төсөвт тойргийнхоо шийдвэрлэвэл зохих төсөл, арга хэмжээ, холбогдох санхүүжилтийг тусгасан. Үүнд:

  • 20 дугаар хорооны 19 дүгээр сургуулийн их засварын ажил
  • 2 дугаар хорооны 51 дүгээр сургуулийн их засварын ажил
  • 4 дүгээр хорооны Ган зам 20 дугаар сургуулийн биеийн тамирын заал барих 
  • 4 дүгээр хорооны 2A, 3A байрны хороолол дундын зам засварын ажил

Мөн Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нартай тойрогтоо бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэхээр хамтран ажиллаж байна.

Боловсрол, залуучуудын хөгжлийн чиглэлээр:

Баянгол дүүргийн нийт хүн амын 70 гаруй хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг тул миний бие дэлхийн топ 10 сургуулийн нэг АНУ-ын Стэнфордын Их сургуульд бодлого судлалаар багшилж байсан хүний хувьд иргэдийнхээ боловсролыг дээшлүүлэхэд хамгийн их ач холбогдол өгөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг НББСШУ-ын байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганд бэлтгэх ажлын хэсэг”-т орж ажиллаж байгаа бөгөөд тус хуулийн хүрээнд дүүргийн сургууль, цэцэрлэгийн олон арван багш, сурган хүмүүжүүлэгчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна.

Мөн тойргийн сургуулиудын төгсөх ангийн сурагчдад "Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?" сэдвээр 3 удаагийн лекц уншсан. Цаашдаа англи хэл, математикийн үнэ төлбөргүй сургалтыг гадаадын өндөр хөгжилтэй оронд эрдмийн зэрэг хамгаалсан туршлагатай багш нараар удирдуулан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр:

Баянгол дүүрэг худалдаа, үйлчилгээ төвлөрсөн, олон жижиг, дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулдгаараа их онцлог. Иймээс үндэсний үйлдвэрлэлээ олон нийтэд таниулах, сурталчлах, экспортыг дэмжих зорилгоор НИТХ-ын төлөөлөгч Ш. Анхмаатай хамтран Вансэмбэрүү үзэсгэлэнг 2016 оноос тойрогтоо жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Цаашид жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бодит дэмжлэг үзүүлэхээр бодлогын түвшинд ажиллахаар зорьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудасны Вансэмбэрүү үзэсгэлэн хэсгээс үзэх боломжтой.

Ахмад настанг дэмжиж, тэтгэх чиглэлээр:

Тойргийн ахмадуудтайгаа баяр ёслолоор хүндэтгэлийн уулзалт, арга хэмжээг зохион байгуулан тогтмол уулзахаас гадна төрийн бодлогын түвшинд ажиллахыг эрмэлздэг. Энэ чиглэлээр Монгол улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажилласан. Ахмад настны тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт амжилттай бэлтгэж 2017 оны 01 дүгээр сарын 26-нд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж Ахмад настны тухай хуулийг баталсан юм. Мөн "Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хууль"-ийг 2017 оны 2 дугаар сарын 01-нд УИХ-ын чуулганаар баталсан.

Эмэгтэйчүүдийн хөгжил, жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр:

Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эзэлдэг охид, эмэгтэйчүүдийг төлөөлөн сонгогдсон УИХ-ын эмэгтэй гишүүний хувьд эмэгтэйчүүдийн хөгжил, тэдгээрийн тулгамдаж буй асуудлыг бодлогыг хэмжээнд шийдвэрлэхийг эрмэлздэг бөгөөд нээлттэй олоноороо хэлэлцэж хамгийн зөв шийдэлд хүрнэ гэж би хувьдаа боддог. Энэ чиглэлээр:

  • Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих Баянгол дүүргийн 1000 бизнес, эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Баянгол дүүргийн НАМЭХ-тэй хамтран Төрийн Ордны Их танхимд зохион байгуулж тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлэгт хамгийн ихээр хөндөгдсөн асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэхээр анхааран ажиллаж байна
  • 2017 оны 3 дугаар сарын 11-16-ны өдрүүдэд АНУ-д болсон НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 61-р чуулганд "Охид эмэгтэйчүүдийн тухай мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, сорилт, бэрхшээлүүд" сэдвээр илтгэл тавьсан.

Жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр миний бие 2017 ондоо багтаан олон нийтийг хамаарсан "50|50" компанит ажлыг эхлүүлсэн билээ. Үүний гол зорилго нийгэмд хэдийнээ тогтсон жендерийн тухай өрөөсгөл ойлголтыг шинэчлэх, жендерийн асуудал нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамаарах асуудал биш, үүнд эрэгтэйчүүдийн санаачилга, оролцоо зайлшгүй хэрэгтэйг олон нийтэд таниулах юм.

Тойргийн иргэд та бүхэн өөрийн санал хүсэлтээ миний бие төлөөлөгч-туслах О. Очирбаатар, М. Номин нартай (Утас: 99116734, 90809886) холбогдон ирүүлэхээс гадна биечлэн уулзах боломжтой.