Вансэмбэрүү үзэсгэлэн

Вансэмбэрүү үзэсгэлэн

Инновацийг нэвтрүүлсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих “Вансэмбэрүү” үзэсгэлэн

Миний сонгогдсон Баянгол дүүрэг худалдаа, үйлчилгээ төвлөрсөн, олон жижиг, дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулдгаараа их онцлог юм.  Үндэсний үйлдвэрлэлийг төр засгаас бодлогоор дэмжихээс гадна үндэсний үйлдвэрлэгчдээ олон нийтэд таниулах, сурталчилах, эх орныхоо бүтээгдэхүүнээ сонгох, хэрэглэх хандлагыг нэмэгдүүлэх зэргээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэг үзүүлэх боломжтой юм. Иймээс НИТХ-ын төлөөлөгч Ш. Анхмаагийн хамтаар шинэ санаа, инновацийг нэвтрүүлсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, олон нийтэд сурталчлах, бүтээлч хөдөлмөр болон экспортыг дэмжих зорилго бүхий “Вансэмбэрүү” үзэсгэлэнг санаачлан 2016 онд Баянгол дүүргийн Төмөр замын Барс захын хойд цэцэрлэгт амжилттай зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд оролцогчид үнэ төлбөргүй хамрагддагаараа онцлогтой. Мөн үзэсгэлэнгийн үеэр шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах “Шинэ санаа, шилдэг бүтээл” уралдаан зохион байгуулагдсан бөгөөд шилдэг бүтээлээр шалгарсан бүтээгдэхүүний эзэд болох хоёр үндэсний үйлдвэрлэгчдийг загварын эх орон Итали Улсад туршлага, бизнесээ өргөжүүлэх боломж судлах аялалын эрхээр шагнасан.

Уралдааны ялагчид болох “Хас гутал” ХХК-ийн захирал М.Золзаяа, “Эм Ар Эс Би” ХХК-ийн ажилтан Д.Цэрэндулам нар 2017 оны 10-р сард Итали Улсын Милан хотод зохион байгуулагдсан томоохон үзэсгэлэнд оролцоод ирсэн. 

“Вансэмбэрүү-2017” үзэсгэлэн илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдлаа

“Вансэмбэрүү” үзэсгэлэнг 2 дахь жилээ 2017 оны 10-р сарын 14-15-ны өдрүүдэдУБТЗ-ын үзэсгэлэнгийн танхимд амжилттай зохион байгуулагдсан. Үзэсгэлэнд оролцогчдийн тоо нэмэгдэж “Вансэмбэрүү-2017” үзэсгэлэнд 45 үндэсний үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд оролцож өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон нийтэд толилуулж, хүртээл болгосон юм. 

Уламжлал болгон “Вансэмбэрүү” үзэсгэлэн нэрэмжит шилдэг бүтээгдэхүүний уралдааныг зохион байгуулдсан бөгөөд “Шилдэг бүтээгдэхүүн”, “Хамгийн инноваци шингэсэн бүтээгдэхүүн”, “Шилдэг залуу үйлдвэрлэл эрхлэгч”, “Үндэсний өв уламжлалыг шингээсэн бүтээгдэхүүн”, “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн” гэсэн 5 төрлөөр шилдэг бүтээгдэхүүн шалгаруулсан. Энэ жилийн шилдэг бүтээгдэхүүнээр “Spirit of Nature” ХХК шалгарч Япон Улсад бизнесийн туршлага судлах аялалын эрх, шалгарсан бүтээгдэхүүндээ оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэх, хууль зүйн зөвлөгөө авах эрхээр тус тус шагнуулсан. 


Цаашид энэхүү үзэсгэлэнгээ жил бүр уламжлал болгон зохион байгуулахаас гадна цар хүрээг нь өргөжүүлж үндэсний үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг үзүүлдэг, тэдний жил бүр хүсэн хүлээдэг томоохон экспо болгохоор зорьж байна. 
Вансэмбэрүү үзэсгэлэнгийн дэлгэрэнгүй мэдээллийг www.vansemberuu-expo.mn-ээс авах боломжтой.