Митчелл сан

Митчелл сан

Би 2007 онд АНУ-ын шилдэг их дээд сургууль судалгааны байгууллагад ажиллаж буй хэсэг эрдэмтдийн хамт Монгол Америкийн Шинжлэх Ухаан Судалгааны төвийг анх байгуулсан бөгөөд 2014 оноос “Митчелл сан” нэртэйгээр 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж иржээ.

Миний болон миний хань Д.Дашдоржийн докторын судалгааны ажлыг удирдаж бидний амьдралд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол миний багш профессор Гари Митчелл билээ. Багшийн эрдэм шавьд гэдэг билээ дэлхийд алдартай эрдэмтэн багшийнхаа нэрээр байгууллагаа нэрлэсэн минь ийм учиртай билээ.

Профессор Гари Митчелл

“Митчелл сан” нь гадаад дотоодын их дээд сургуулийн эрдэмтэн мэргэд, оюутнуудтай хамтран ажиллаж, эрдэм шинжилгээний олон улсын чанартай хурал семинар зохион байгуулж, суурь шинжлэх ухаан, эрчим хүч, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, хүний эрхийн олон төслүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ манлайлал, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, олон нийтийн боловсролд зориулж сургалт явуулах, Монголын их сургуулиудыг гадаадын их сургуулиудтай хамтарч ажиллах боломжоор хангах, зөвлөх үйлчилгээний баг бүрдүүлэн ажиллах, бүс нутгийн хөгжлийн дэмжих зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Бид 10 жилийн хугацаанд 100 гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний нэг нь миний 2009 онд санаачилан эхлүүлсэн “Залуу манлайлагч хөтөлбөр” юм.

Дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцаж буй Монголын залуучуудыг нэгтгэх хамтран ажиллах, болон эх орондоо буцаж ирэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор санаачилсан тус хөтөлбөрт 60 гаруй оюутан залуус хамрагдсан бөгөөд хөтөлбөрийн үйл ажиллагаа нь гадаадад болдгоороо онцлогтой. Тухайлбал 2009 онд АНУ-ын Вашингтон хотод, 2010 онд АНУ-ын Сан Францискод, 2010 онд Италийн Миланд, 2011 онд АНУ-ын Бостонд, 2011 онд Туркийн Истанбулд, 2013 онд Канадын Ванкувер хотод, 2014 онд АНУ-ын Нью-Иорк, 2015 онд АНУ-ын Калифорниа мужид, 2016 онд Английн Лондон хотод тус тус зохион байгуулагдсан бөгөөд АНУ-ын Чикаго хотод дараагийн хөтөлбөр удахгүй болох гэж байна. Монголын залуу манлайлагч хөтөлбөр маань “MYLN” ТББ болж өргөжсөн. Миний бие хөтөлбөрт хамрагдсан залуучуудаараа бахархаж явдаг.

Мөн зуны оюутан солилцоо, дадлагажигч, Аризонагийн Их сургуулийн “2+2” зэрэг оюутан залууст зориулсан хөтөлбөрүүдийг нэрлэж болно. Мөн цөмийн физикийн олон улсын их хурлууд, танилцах аялал, хариуцлагатай уул уурхай, байгаль орчин хамгаалах олон сайхан хөтөлбөрүүдийг Митчелл сан хэрэгжүүлсэн.

Өнгөрөгч 10 жилийн хугацаанд манай байгууллагыг дэмжин ажилласан хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагуудад талархал илэрхийлэн 10 жилийн ойн мэнд хүргэе!

Дэлгэрэнгий мэдээллийг Митчелл сангийн цахим хуудаснаас https://mitchellfoundationmn.org/ -аас үзнэ үү.